2016-11-06
Парацетамолийг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд ийм хор уршигтай
 Монголчуудын дунд гэм биш зан болсон нэг үйлдэл нь эмийн замбараагүй хэрэглээ юм. Ялангуяа жоргүй олгодог эмийг хүссэн үедээ хэрэглэдэг гэж хэлж болно. Гэвч тунг нь хэтрүүлсэн тохиолдолд ямар ч зүйл хор болдог  билээ.

Энэ удаад парацетамол эмийн тунг хэтрүүлбэл ямар хор уршигтай болохыг хүргэж байна.  Парацетамол нь халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй, жоргүй олгодог өргөн хэрэглээний эм. Гэсэн ч энэ эмийг хэрэглэхдээ хор нөлөөг нь анхаарах нь чухал. 

paracetamol

Парацетамолыг хоногт дөрвөн граммаас их тунгаар хэрэглэхэд элэг, бөөрийг хордуулж, үйл ажиллагааг нь хямраахаас гадна зүрхний эд эсийг гэмтээж хэм алдагдалд хүргэх, нойр булчирхайг үрэвсүүлэх, цус төлжилтийг дарангуйлах зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдгийг судлаачид нотолжээ.

Дэлхий дахинд парацетамолыг өргөн хэрэглэсэн хэвээр байгаа хэдий ч тунг нь урьдынхаас хоёр дахин багасгаж хэрэглэхийг анхааруулах болсон байна.

Тухайлбал, АНУ, Энэтхэг зэрэг оронд “парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэвэл элгийг гэмтээх аюултай” гэсэн анхааруулгыг эмийн шошго дээр заавал бичих шаардлагыг хоёр жилийн өмнө тавьж байжээ.  Манай улсадпарацетамол агуулсан дан болон нийлмэл найрлагатай 30 шахам бэлдмэлийг импортлон хэрэглэж байгаа аж.

Парацетамол агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэлийг ихэвчлэн ханиад, томууны үед халуун бууруулах, өвчин намдаах зорилгоор өргөн хэрэглэдэг.

Жишээ нь, Эффералган, Минигрип-П, Миксагрип, Колдакмин, Саридон, Дальрон-С, Терафлю, Колдрекс, Седалгин – Нео зэрэг өөр өөр худалдааны нэртэй эм нь бүгд парацетамол агуулсан байдаг байна.

Эдгээр эмийг эмийн санд жоргүй олгодог тул хавсран хэрэглэсэн тохиолдолд тун хэтрэх аюултай. Ялангуяа элэгний өвчин болон архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст парацетамолын хордуулах нөлөө илүү хүндээр тусдаг ажээ.

Иймээс парацетамолыг маш болгоомжтой, тунг багасгаж хэрэглэх, том хүнд хоногт гурван граммаас ихгүй тунгаар 10 хоног хүртэл, хүүхдэд нас, биеийн жингээс нь хамааран тунг тогтоож, таван хоногоос илүүгүй хугацаанд хэрэглэх нь зүйтэй юм байна.

Харин цус багадалттай, архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс, гурав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эх огт хэрэглэж болохгүй ажээ. 

Бичсэн: Энхүүш | цаг: 22:52 | Эмийн талаарх зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 175 удаа уншигдсан.



:-)
 
xaax