2016-11-13
Нойрны эмийг хамаагүй хэрэглэж болохгүй
 Хүн хоногт хамгийн багаар бодоход зургаан цагаас доошгүй унтаж байх нь эрүүл мэндэд тустай. Хүүхэд дунджаар 10 цаг унтах хэрэгтэй. Үүнээс илүү унтаад байвал, эсвэл нойр бараг хүрэхгүй сэрвэлзээд байдаг бол эмгэг өөрчлөлт гэж үздэг. Нойр хүрэхгүй болохоор хүмүүс ихэвчлэн нойрны эм уудаг. Эмч нар ч гэсэн нойрны эм бичиж өгдөг. Энэ нь мэдрэл,  сэтгэлээс шалтгаантай түр нойргүйдлийг илааршуулах зорилготой байдаг. Нойрны эм орсон найрлагаасаа хамааран янз бүрээр үйлчилдэг. Эмчийн зааваргүй хамаагүй хэрэглэвэл сөрөг нөлөөлнө гэсэн үг. Ихэнх нойрны эмүүд тайвшруулах үйлчилгээтэй хосолдог. Аль ч төрлийн нойрсуулах эм хүний хэвийн нойрсолтыг орлож чаддаггүй. Түүнд ойртуулахын тулд нойрны эмийг орой унтах цагтаа тааруулан хэрэглэх нь зүйтэй. Өдрийн цагаар уучихвал нойр хүрч ажлын чадвар сулардаг. Ялангуяа машин жолооддог хүмүүс нойрсуулах төдийгүй тайвшруулах эмийг ч өдөр хэрэглэхийг хориглодог. Хүчтэй нөлөөлдөг нойрны эм ууснаас хойш хориод минутын дараа үйлчлэх ба гүн нойрсуулах тул таагүй зүүд зүүдлэн хар дарахаас хамгаалдаг. Өглөө босоход бие тавирч нойр ханан сайхан болдог учир хүмүүс дахин дахин уух сонирхолтой байх нь цөөнгүй. Нойрны эмийг долоогоос илүү хоногоор үргэлжлүүлэн уувал эмийн үйлчилгээ биед бага багаар үлдэн хуримтлагдах учир өдөр ч гэсэн нойрмоглон дүнсийж, хөдөлмөрийн чадвар сулрах болно. Аажимдаа нөгөө эмэндээ дасал болоод унтахаа болих төдийгүй бүр эсрэгээр үйлчилдэг. Зарим хүн биеийн эсэргүүцлээсээ шалтгаалаад нойрны эмэнд донтох нь бий. Энэ үйлчлэлээс нь болж ихэнх нойрсуулах эм мансууруулах үйлчилгээтэй эмийн жагсаалтад орсон байдаг. Зөвхөн эмчийн заавраар л хэрэглэнэ.

Мэдээж хүнд өвчтэй шаналж буй хүмүүст нойрны эмийг бусад тайвшруулах, өвчин намдаах эмтэй хавсран хэрэглэхээс өөр аргагүй. Гэхдээ л эмчийн зааврыг дагахгүй бол зарим хүчтэй нойрсуулах эм тэр чигээр нь унтуулах тохиолдол гардаг. Нойрны эмэнд хордож эхэлсэн үед хүн нойрмог идэвхгүй байдалтай болох ба улмаар зүрх, судасны дутагдалд орж согтсон мэт байдалтай болдог. Эмнэлгийн хэлээр комийн байдалд орсон гэнэ. Эхэндээ бие хөрөх ба аажимдаа халуурдаг. Тэр даруйд нь эмчид үзүүлэн арга хэмжээ авахгүй бол судасны лугшилт удаашран суларч, унтаа байдалд шилжин, аманд нь шингэн өгөхөд залгихгүй  байвал гүн комд орсон шинж мөн. Ийм байдалд хүрсэн бол гэрээр эмчлэх боломжгүй. Яаралтай эмнэлэгт хэвтүүлж сэхээн амьдруулах арга хэмжээ авна гэсэн үг. Ийм байдал 12 цагаас дээш хэмжээгээр үргэлжилсэн тохиолдолд хэвтрийн хатгаа, судасны бүлэгнэн бөөгнөрөлт гэхчлэн улам хүндэрнэ. Эмчилгээний үр дүн илааршлаа ч бүрэн эдгэрэхгүй үлдэх нь цөөнгүй. Эмнэлэгт очих боломжгүй тохиолдолд хордлого илэрвэл уусан эмийн зааврыг үзэж, антидот буюу эсрэг сулруулах үйлчилгээтэй эм, тариа хэрэглэх, шингэн /ихэвчлэн цэвэр ус, сүү/ уулгах, залгиж чадахгүй бол амаар нь ходоодонд ортол гуурс шургуулаад шингэнээ хийж, буцааж соруулах байдлаар зайлах хэрэгтэй. Ингэж угаасны дараа давсан туулга /магнезийн давс голдуу хэрэглэдэг/ 30 млг-ийг 100 грамм усанд уусгаад бургуйгаараа хийдэг. Энэ бол зөвхөн эмнэлэгт очих хүртэл авах түр арга хэмжээ гэдгийг мартаж болохгүй. Хамгийн гол нь нойрсуулах ч бай бусад хүчтэй эм хэрэглэх бол зааврыг нь сайн үзэж, хордвол ямар эм /антидот/ хэрэглэх вэ гэдгээ мэдэж байх шаардлагатай.   

Бичсэн: Энхүүш | цаг: 23:04 | Эмийн талаарх зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 1888 удаа уншигдсан.



:-)
 
xaax